Back

Элчин сайд А.Н.Евсиков Монгол Улсад атар газар эзэмшсний 65 жилийн ойн баярын мэндийг дэвшүүллээ

Монголын хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөрчид болон Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн гишүүдийн дундаас гарсан сайн дурын ажилтнууд та бүхэндээ Монгол Улсад атар газар эзэмшсний 65 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
1959 оны гуравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд МАХН-ын Төв Хорооны 3-р бүгд хурлаар “Улс орны талхны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, мал аж ахуйн тэжээлийн баазыг бэхжүүлэх тухай” түүхэн шийдвэр гарсныг та бүхэн санаж байгаа байх. Эхний гурван жилд 350 мянган га атар газар, дараагийн таван жилд дахин 650 мянган га талбайг эзэмшсэн нь үндэсний хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх, чанарыг нь дээшлүүлэхэд тус болсон. Монгол Улсын газар тариалан маш богино хугацаанд бие даасан, өндөр механикжсан салбар болж, одоогийн байдлаар тус улсын улаан буудайн хэрэгцээг 100 хувь, үндсэн хүнсний ногооны хэрэгцээг 80 хувь хангаж байна.
Энэ зорилгод хүрэхэд ЗХУ-ын тусламж чухал үүрэг гүйцэтгэсэн. Зөвлөлт Холбоот Улс тариалангийн талбайн бүртгэл хийхэд туслаад зогсохгүй шаардлагатай бүх хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж, мэргэжилтэн, зааварлагчдын томоохон багуудыг томилон илгээсэн. Мөн одоо ч Оросын түншүүд үр тариа сонгон үржүүлэх, техник, бордоо нийлүүлэх, хөдөө аж ахуйн байгууламжийн засвар үйлчилгээ хийх, үндэсний боловсон хүчнийг бэлтгэх асуудлаар Монгол Улстай нэн тэргүүнд хамтран ажиллахад бэлэн байна.
Зургадугаар сарын эхээр Монгол Улсын Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Монголын атар газар эзэмшсний 65 жилийн ойг тохиолдуулсан Орос-Монголын хөдөө аж ахуйн форумыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, стратегийн ач холбогдол бүхий энэ салбарт хоёр орны хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар ярилцана.
Гэрэл зураг: Монцамэ